/ /

ОЛОН  НИЙТИЙН  ЦАГДААГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ дүрмээр олон нийтийн цагдаагийн эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, олон нийтийн цагдаагийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцохтой холбогдон үүссэн харилцааг зохицуулна.

1.2.Олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр ажиллаж буй 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байна.

1.3.Олон нийтийн цагдаа хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг, энэ дүрмийг дагаж мөрдөнө.

1.4.Олон нийтийн цагдаагаар хууль, дүрэм, гэрээгээр хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

1.5.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь олон нийтийн цагдаад олгох хууль, эрх зүйн болон харилцааны ур чадвар эзэмшүүлэх холбоо, хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх чиглэлийн сургалтыг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно.

1.6.Олон нийтийн цагдаагийн урамшил, бусад шаардагдах зардлыг тухайн шатны Засаг дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 63.8-д заасны дагуу санхүүжүүлнэ.

Хоёр. Олон нийтийн цагдаагийнүйл ажиллагааны чиглэл

2.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүн амын нягтрал, газар нутгийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллуулна.

2.2.Олон нийтийн цагдаа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 63.10-д зааснаас гадна дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

2.2.1.хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллага, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газар, этгээдийн талаар судалгааг хийж, цагдаагийн байгууллагыг мэдээллээр хангах;

2.2.2.захиргааны хяналтад байгаа этгээдтэй ажиллах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;

2.2.3.байгаль орчныг хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнд оролцох;

2.3.Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэн цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдсаны дараа Цагдаагийн албаны тухай хуулийн 63.8-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь тавьж олгоно.

2.4.Олон нийтийн цагдаа нь энэ дүрмийн 2.4-д заасан таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэнэ.

2.5.Олон нийтийн цагдаагийн үнэмлэхийг Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан загварын дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олгоно.

2.6.Олон нийтийн цагдааг үүргээ гүйцэтгэхдээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, удирдлага дор ажиллана.

2.7.Олон нийтийн цагдаа үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, фото зураг авах, дүрс, дууны бичлэг хийх болон бусад аргыг хэрэглэнэ.

2.8.Олон нийтийн цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд хариуцсан цагдаагийн алба хаагч хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллана.

2.9.Олон нийтийн цагдаа энэ дүрмийн 2.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-202, 205, 208, 213, 222, 224, 226,243, 400, 401, 404, 408-д заасан журмын холбогдох заалтыг баримтлан ажиллана.

2.10.Олон нийтийн цагдааг нутаг дэвсгэрийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдал, ажлын ачааллыг харгалзан хуульд зааснаас бусад чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллуулж болно.

Гурав.Олон нийтийн цагдаад тавигдах шаардлага, түүнийг судлах,томилох, тоог тогтоох

3.1.Олон нийтийн цагдаагаар дор дурдсан шаардлагыг хангасан, 20 нас хүрсэн, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, томилно:

3.1.1 бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой;

3.1.2 сэтгэц, эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх;

3.1.3 энэ дүрмийн 2.3-д заасан сургалтад хамрагдаж, тэнцсэн байх;

3.1.эрх зүйч мэргэжилтэй, цэргийн алба хаасан нь давуу байдал болно.

3.2.Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэний хүсэлтийг үндэслэн энэ дүрмийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага судалгаа хийнэ.

3.3.Сургалтад хамрагдаж тэнцсэн иргэнийг сум, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн томилох шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ /Загвар 1/ байгуулна.

3.4.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Иргэний зөвлөлтэй зөвшилцөн жил бүрийн 11 дүгээр сард багтаан дараа онд ажиллуулах олон нийтийн цагдаагийн орон тоо, шаардагдах төсвийн саналыг иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, батлуулна.

Дөрөв.Сургалт

4.1.Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэнд дараахь чиглэлээр сургалт зохион байгуулна.

4.1.1.хууль, эрх зүй, хүний эрхийн мэдлэг олгох;

4.1.2.харилцааны соёл;

4.1.3.биеийн хүч хэрэглэх;

4.1.4.холбооны хэрэгсэл ашиглах;

4.1.5.нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмсөж, хэрэглэх.

4.2.Олон нийтийн цагдааг сургаж, дадлагажуулах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

4.3.Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Сургалтын нэгдсэн төв боловсруулж, Цагдаагийн төв байгууллагын дарга батална.

4.4.Сургалтад хамрагдсан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтад ороогүй иргэнийг өөрийн хүсэлт, холбогдох материалыг нь үндэслэн Сургалт зохион байгуулсан газрын удирдлагын шийдвэрээр давтан шалгалтад оруулж болно.

4.5.Олон нийтийн цагдааг мэргэшүүлэх, давтан, чадавхжуулах сургалтад хамруулах ажлыг Сургалтын нэгдсэн төв болон бүсийн сургалтын төв нь тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна.

Тав. Олон нийтийн цагдаагийнажлын үр дүнг үнэлэх, дүгнэх

5.1.Ажил дүгнэх үзүүлэлт, аргачлалыг Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын саналыг харгалзан Цагдаагийн төв байгууллагын батална.

5.2.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олон нийтийн цагдаагийн дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, ажлын тайланг сар бүр Засаг даргад хүргүүлнэ.

5.3.Олон нийтийн цагдаа нь хуульд заасан зөрчилд торгохшийтгэл оногдуулахдаа цагдаагийн байгууллагаас олгосон торгуулийн хуудас ашиглах бөгөөд Сангийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан 2013 оны 179/А/171/А/64/А/225 дугаар тушаалд зааснаар цагдаагийн байгууллага нь торгуулийн хуудсыг олгох, тайлан тооцоо хийх алба хаагчийг томилон ажиллуулна.

5.4.Олон нийтийн цагдаагийн шийдвэрлэсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн зөрчлийн санд тухай бүр оруулж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хяналт тавина.

Зургаа. Олон нийтийн цагдаагийн үүргээ биелүүлэх баталгаа

6.1.Олон нийтийн цагдаагийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.

6.2.Олон нийтийн цагдаагийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан олон нийтийн цагдаа, түүний гэр бүлийн гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд эрүүгийн болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.3.Олон нийтийн цагдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэх баталгаагаар хангагдана.

6.4.Олон нийтийн цагдаа албан үүрэг гүйцэтгэх үедээ хот суурин доторх нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг нутгийн өөрөө удирдах байгууллагад уламжлан шийдвэрлүүлж болно.

6.5.“Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт”-ийг ханган 2 буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан олон нийтийн цагдааг цагдаагийн алба хаагчаар томилогдон ажиллахад давуу тал болно.

6.6.Ажилдаа идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан, онцгой үүрэг гүйцэтгэсэн олон нийтийн цагдааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйл, бусад хууль, журамд заасны дагуу шагнал урамшууллыг олгоно.

6.7.Олон нийтийн цагдаагийн ажлын үр дүнг харгалзан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 133-д зааснаар тухайн байгууллагын оны хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн аварга ажилтнаар шалгаруулж болно.

6.8.Олон нийтийн цагдаагийн тухайн жилийн үйл ажиллагааны төсвөөс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 1 удаа хамрагдахад шаардагдах зардлыг шийдвэрлэж болно.

Долоо.Олон нийтийн цагдаа үйлчлүүлэгчтэй харилцахадбаримтлах шаардлага

7.1.Олон нийтийн цагдаа нь:

7.1.1.иргэнтэй харилцахдаа “Сайн байна уу. ...........аймаг /дүүрэг/-ийн цагдаагийн газар /хэлтэс/-ын олон нийтийн цагдаа...................байна. Танд юугаар туслах вэ?” гэж яриагаа эхлүүлэх;

7.1.2.эелдэг, оновчтой, албаны үг хэллэгээрхүндэтгэлтэй байдлаар харилцах;

7.1.3.үйлчлүүлэгчийн үг яриаг нь анхааралтай, таслалгүй хүлээцтэй сонсох;

7.1.4.үйлчлүүлэгчийн зорилгыг ойлгож, түүнийг хуулийн хүрээнд биелүүлэх талаар санаачилга гаргаж ажиллах;

7.1.5.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг тайлбарлан өгөх;

7.1.6.асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн шийдвэрлэх буюу өөрийн эрх, үүрэгт хамааралгүй асуудлыг холбогдох алба, газар, хэлтэс, алба хаагчид хандаж шийдвэрлүүлэхийг тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд хүргэж өгөх;

7.1.7.өөрийн буруутай үйл ажиллагаанаас алдаа гаргасан тохиолдолд буруугаа хүлээн уучлал хүсч, түүнийгээ засах талаар шаардлагатай арга хэмжээг авах;

7.1.8.үйлчлүүлэгчийн зүгээс тааламжгүй харьцсан ямар ч тохиолдолд тэвчээртэй, тайван байж, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтийг илэрхийлэхгүй байх.

Найм.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны хязгаарлалт

8.1.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаанд дараах хязгаарлалт тогтооно. Үүнд:

8.1.1.албан үүргээ гүйцэтгэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхах;

8.1.2.хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад аливаа нэг нам, эвсэл, холбооны үйл ажиллагааг дэмжсэн, сурталчилсан үйл ажиллагаа явуулах;

8.1.3.албан үүргээ биелүүлсэнтэйгээ холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс шан харамж, хандив, тусламж авах;

8.1.4.албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансууруулах бодис хэрэглэх, ажлын байраа дур мэдэн орхиж явах, хууль, дүрэм, гэрээнд заагдсанаас өөр ажил үүрэг гүйцэтгэх;

8.1.5.холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг үүрэг гүйцэтгэхээс бусад үед биедээ авч явах, хэрэглэх, бусдад шилжүүлэх, хараа хяналтгүй орхих;

8.1.6.ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргах;

8.1.7.үйлчлүүлэгтэй харилцахдаа өөр хүмүүстэй ярих, анхаарлаа өөр зүйлд хандуулах, өөр тийш харж ярих, шалтгаангүйгээр хүлээлгэх, тэдний тавьсан асуултад үндэслэлгүйгээр хариулахаас татгалзах зэргээр бүдүүлэг зан авир гаргах;

8.1.8.ажил үүргийн дагуу олж авсан үйлчлүүлэгчийн хувийн болон бизнесийн нууцтай холбоотой мэдээллийн талаар бусдад ярих, тарааж дэлгэрүүлэх, урвуулан ашиглах;

8.1.9.ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг алдагдуулах;

8.1.10.олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцастай буюу үүрэг гүйцэтгэж байхдаа олон нийт, үйлчилгээний газарт тамхи татах, зохисгүй үйлдэл  гаргахгүй байх.

Ес.Бусад

9.1.Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг, зөрчил гаргасан үндэслэлээр олон нийтийн цагдаатай байгуулсан гэрээ цуцалсан бол түүнийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.2.Энэ дүрмийн хэрэгжилтэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана.

9.3.Олон нийтийн цагдаа энэ дүрмийн 9.1-д заасан үндэслэлээр болон гэрээг хугацааны өмнө цуцалсан тохиолдолд түүнд тавьж олгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, холбооны, нэг бүрийн, хамгаалах хэрэгслийг хурааж, эдэлгээний хугацаа дуусаагүй үнийн зөрүүг нөхөн төлүүлнэ.

9.4.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны талаарх гомдлыг цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шалгаж шийдвэрлэнэ.

9.5.Олон нийтийн цагдаагийн бүртгэл, судалгааг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нэгдсэн тоо бүртгэлийг Нийтийн хэв журам хамгаалах газар, сангийн үйл ажиллагааг хэвийн байлгах ажлыг Мэдээлэл технологи, холбооны төв тус тус хариуцана.  

9.6.Олон нийтийн цагдаагийн хүний нөөцийн асуудлыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хүний нөөц, сургалтын ажил хариуцсан нэгж, алба хаагч хариуцна.

9.7.Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалтад тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хяналт тавьж, үзлэг тооллого хийж, нөхөн төлбөрийг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.           

 

 

 

--оОо—

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна